Баянхонгор аймгийн төв Баянхонгор суманд өнгөрөгч тавдугаар сарын 31-ний үдээс хойш “Арванмянгат”-д байрлах айлын байшин шатсан байна. Гал гарах үед байшинд бага насны хоёр хүүхэд байжээ.
Азаар тухайн үед хажуугаар нь өнгөрч явсан Олон нийтийн цагдаа А.Оргилмаа гэх бүсгүй шатаж буй байшинг харж, дотор нь байсан долоо болон есөн настай хоёр хүүхдийг аварсан сайхан мэдээг уншигчиддаа хуваалцаж байна.
Бид түүнтэй утсаар холбогдож, болсон процессыг тодруулсан юм. Тэрбээр “Нэг их сүртэй зүйл биш шүү дээ. Бидний ажил. Хэн ч байсан хийх л байсан” гэж даруухан хариулснаар бидний яриа эхэллээ.
-Хоёр хүүхдийн амь аварсан гэж сонссон. Баяр хүргэе?
- Нэг их сүртэй зүйл биш шүү дээ. Бидний ажил. Хэн ч байсан хийх л байсан. Азаар тэнд байж таарсан юм.
-Гал гарах үед гэрийн эзэд байгаагүй гэсэн үү?
-Айлынх нь эзэд гэртээ байгаагүй. Ажил явдал гараад хот руу явчихсан. Хамаатных нь нэг эгч хоёр хүүхдийнхээ хамт гэрийг нь сахиж үлдсэн юм билээ. Тэр эгч худаг ажиллуулдаг. Гал гарах үед худаг дээрээ байж таарсан. Хоёр хүүхэд нь хоёулхнаа гэрээ сахиж байсан.
-Дотор нь хүүхдүүд байгааг яаж мэдэв?
- Байшин нь залгаа амбаартай. Амбаарнаасаа эхлээд шатаж байсан юм. Тэр үед ганцаараа явж таарсан учраас юу ч гэсэн дотор нь хүн байвал эхний ээлжинд хэлж, байшингаас гаргая гэж бодоод л орсон. Хаалга нь онгорхой, “Хүн байна уу” гээд ортол бага насны хоёр хүүхэд сууж байлаа. Гал байшин руугаа арай ороогүй байсан учраас хүүхдүүд гал гарч буйг огт мэдээгүй байсан. Эхлээд хүүхдүүдийг гадагш нь гаргаад, гал команд дуудсан. Гал командынхан ирэх үед аль хэдийнэ гал байшин руу тархаж, дээвэр нь шатаад эхэлчихсэн байсан.
-Танай хариуцсан хэсгийн айл байсан уу?
-Миний хариуцсан хэсгийн айл биш. Би нэгдүгээр багийн буюу сумын төвийн хэсгийг хариуцан ажилладаг юм. Харин гал гуравдугаар багийн нутаг дэвсгэрт гарсан. Тэр үед ажилтай явж байгаад айл шатаж байгааг харсан. Энэ дашрамд иргэддээ бага насны хүүхдээ гэртээ харгалзах хүнгүйгээр орхихгүй байхыг анхааруулмаар байна.
-Олон нийтийн цагдаагаар ажиллаад хэр удаж байна вэ. Ер нь ямар үүрэг гүйцэтгэдэг юм бэ?
-Олон нийтийн цагдаагаар ажиллаад жил гаруй болж байна. Олон нийтийн цагдаа нь иргэдийн аюулгүй байдал болон гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил хийдэг. Өөрөөр хэлбэл, иргэн цагдаа хоёрыг холбох гүүр гэж хэлж болно.