Баянхонгор аймгийн төв буюу Баянхонгор сумын есөн цэгт байршуулсан 24 телекамераар замын хөдөлгөөний аюулгүй байдлын зөрчил 40 гаруйг илрүүлжээ. Цагдаагийн газраас тус Хяналтын камерийг дөрвөн ээлжээр хянадаг тусгай ажилтнуудыг ажиллуулж байна. Хөдөлгөөнд оролцогчдын хувьд улаан гэрлээр орох, цагаан шугам давж зогсох зөрчлийг ихээхэн гаргадаг ба зөрчил хамгийн их гардаг хэсэгт дөрвөн замын уулзвар, Нэгдэлчингийн уулзварууд байгаа аж. Жолооч нар гэрлэн дохио зөрчих, эргэлтэн дээр эгнээ байраа буруу эзлэх зэрэг зөрчил их гарч байгааг албаныхан хэлж байна. Камерын хяналтаар зөвхөн замын хөдөлгөөний зөрчлийг илрүүлээд зогсохгүй хулгай болон бусад зөрчлүүдийг илрүүлж байна. Мөн эцэг, эх асран хамгаалагчид 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг Замын цагдаагийн тасгаас анхааруулж байна.