Баянхонгор аймгийн төв болох Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Мазаалай телевизтэй хамтран Монгол Улсын Засгийн газрын БСШУЯ, БОАЖЯам, Швейцарын хөгжлийн агентлагийн хамтран хэрэгжүүлж буй “Тогтвортой хөгжлийн боловсрол” төслийн хүрээнд Баянхонгор сумын Засаг даргын захирамжаар аймгийн төвийн аж ахуйн нэгж байгууллага, сургууль, цэцэрлэг, иргэдэд Тогтвортой хөгжил, ногоон хөгжлийн талаарх мэдлэг ойлголтыг түгээн дэлгэрүүлэх, олон нийтэд тогтвортой хөгжлийн боловсролыг олгох, ногоон бизнес, үйл ажиллагааг нэвтрүүлэх сургалт, сурталчилгааг явуулж, хот хоорондын тээвэрт “Ногоон тээвэр нэвтрүүлэх” аян зарлан ажлын төлөвлөгөө гарган ажиллаж байна. Тус аяны хүрээнд хот хооронд зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлж буй автобусанд хог хаягдлаа зориулалтын саванд хаях, зориулалтын цэгт зогсож бие засаж байх зэрэг эх дэлхийгээ цэвэр цэмцгэр байлгах зорилго бүхий шторкуудыг давтамжтайгаар цацаж иргэдэд хүргэж байхаар боллоо.