Баянхонгор сумын хэмжээнд энэ сарын байдлаар томуу, томуу төст өвчний 150 орчим тохиолдол бүртгэгдсэнээс 0-4 насны хүүхдийн өвчлөл өндөр хувьтай байна. Эцэг эхчүүд мэдлэг мэдээлэл дутмагаас томууг хүндрүүлэх, эмчлүүлээд гарсан ч дахин өвчлөх тохиолдол их байгаа аж.
Нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Мэргэжлийн Хяналтын Газраас Эрүүл мэндийн газарт томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх талаар албан бичиг хүргүүлжээ.
Албан бичигт томуугийн эсрэг дархлаажуулалтад эмч, эмнэлгийн ажилчдыг бүрэн хамруулах, томуугаас урьдчилан сэргийлэх тандалтыг тасралтгүй зохион байгуулахыг зөвлөсөн байна. Мөн "Томуугаас сэргийлье" сэдэвт мэдээлэл, сургалт сурталчилгааг өргөн хүрээтэй явуулах, ЕБС, цэцэрлэг, хүүхдийн байгууллагуудад томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар сургалт сурталчилгаа хийж, халдвараас сэргийлэх энгийн аргуудыг зааж сургах, хэвшүүлэх тал дээр анхаарч ажиллахыг даалгажээ.