Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ИТХ

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС - Орон нутгийн хүчгүйгээр улс орны хөгжлийг төсөөлөх аргагүй АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС - Орон нутгийн хүчгүйгээр улс орны хөгжлийг төсөөлөх аргагүй

БАЙНГЫН АЖЛЫН БАЙРААР 800, ТҮР АЖЛЫН БАЙРААР 800-ААС ДООШГҮЙ ХҮНИЙГ ХАНГАНА.

2018-04-16

“Хөдөлмөр эрхлэлт” аймгийн зөвлөгөөн өнөөдөр Хүүхдийн Тэмүжин театрт болж байна. Зөвлөгөөнд нийтдээ аймаг орон нутгийн бодлогыг тодорхойлж, шийдвэр гаргачид, 20 сумын Засаг дарга, аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбоо, ажил олгогчид болон ажил хайгчдаас бүрдсэн 200 хүн хамрагдаж байна.
 
Зөвлөгөөний нээлтэд аймгийн Засаг дарга Г.Батжаргал, ХХҮГ-ын дарга Д.Амарсанаа, аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга С.Үнэнбуян, Баянхонгор сумын Засаг дарга Ж.Мөнхсоёл, ажил олгогчдыг төлөөлж н.Батцогт, ажил хайгчдыг төлөөлж иргэн н.Доржханд, залуусыг төлөөлж, иргэн Наранбаатар нарын төлөөллийг хурлын индэрт урилаа.
 
Аймгийн Засаг дарга Г.Батжаргал “Хөдөлмөр эрхлэлт” аймгийн зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ, “Энэ удаагийн зөвлөгөөн ажил олгогч болон ажил хайгчдын хоорондын уялдаа холбоог сайжруулж, хамаарлыг нэмэгдүүлэхэд чиглэгдэх ёстой юм. Өнөөдөр бодит байдал дээр хөдөлмөрийн эрэлт, нийлүүлэлтэд үүсч буй доголдол нь мэргэжилтэй боловсон хүчний хомстол. Баянхонгор аймаг 2009 онд эдийн засгийн тэргүүлэх чиглэлээ Хөдөө аж ахуй, аялал жуулчлал, хариуцлагатай уул уурхай хэмээн тодорхойлсон. Тэр цагаас хойш хөдөлмөрийн зах зээл улам бүр тэлж байгаа тул үүнийг дагасан мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэхэд бид анхаарч байна. Тухайлбал, аймгийн ХХҮГ-ийн санаачилгаар 2017 онд Баянхонгор аймгийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэд хөтөлбөрийг баталсан. Гагцхүү үүнийг ажил хэрэг болгож, амьдралд хэрэгжүүлэхэд анхаарлаа хандуулах нь чухал” гэдгийг онцлон тэмдэглэлээ.Мөн тэрээр аймаг хөтөлбөр гаргаж, түүнийг сум, цаашлаад байгууллагууд өөрсдийн ажлын төлөвлөгөөндөө тусгаж байгаа нь учир дутагдалтай байгааг хэлээд сум, байгууллага бүр хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлийн хөтөлбөр, төлөвлөгөөг гаргаж, дор бүрнээ нарийвчилсан судалгаатай болохын чухлыг зөвлөгөөнд оролцогсдод хэллээ. Ингэснээр Баянхонгор аймаг хөдөлмөрийн зах зээлийн бодит, нарийвчлалтай судалгаатай болж, эндээс цаашид авах арга хэмжээ оновчтой болно гэж үзжээ.
 
Аймгийн ХХҮГ-ийн дарга Д.Амарсанаагийн хэлж байгаагаар Баянхонгор аймгийн хэмжээнд хамгийн идэвхтэй ажил хайж буй иргэдийн олонхийг 24-35 насны залуус эзэлж байна. Өнгөрсөн онд зургаан төрлийн төсөлд 1,4 тэрбум төгрөгийн хөрөнгө зарцуулж нийтдээ түр болон байнгын ажлын байраар 1200 гаруй иргэнийг хангажээ. Харин энэ онд Баянхонгор аймагт улсын болон орон нутгийн хөрөнгөөр 20 гаруй тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий ажлын тендер зарлагдахаар байгаа юм. Тиймээс эдгээр ажил, арга хэмжээг гүйцэтгэхэд орон нутгийнхаа ажилгүй иргэдийг хамруулахад анхаарч ажиллах аж.
 
2017 оны жилийн эцсийн статистик дүнгээс харахад Баянхонгор аймаг 11 мянган хүнийг ажлын байраар хангах шаардлага байгаа юм. Хөдөлмөрийн зах зээлд барилга, цахилгааны чиглэлийн мэргэжил, инженерийн орон тоо эрэлт өндөр байна. Нөгөө талаар ажил олгогчдын ажлын байрны захиалга өгсөн байдлыг хувилж харвал 70,5 хувь нь мэргэжилтэй боловсон хүчин, 68,5 хувь нт 35 хүртэлх насныхан, 31,5 нь 3561 насныхныг ажилд авахаар захиалга өгчээ. Тиймээс ажил идэвхтэй хайж буй залууст мэргэжил эзэмшүүлэх нь чухал болж байна.
 
Аймгийн политехникийн коллеж жилдээ 15 мэргэжлээр 300 орчим оюутныг төгсгөж, тэдгээрийн 60 орчим хувь нь ажлын байртай болдог гэсэн дүн мэдээ байна. Гэвч ажил олгогчийн зүгээс цалин мөнгийг тогтвортой өгдөггүй, туршилтын хоёр сар гэсэн байдлаар ажилтанг хохироодог, улирлын чанартай ажлууд зогсоход ажилчдаа тогтмол орлоготой байлгадаггүй зэрэг хүндрэл нь тухайн ажлын байранд тогтвортой ажиллах бололцоог хаасаар байна.Аймгийн Засаг даргын зүгээс энэ мэт асуудал байгаа учраас байнгын баталгаатай орлого бүхий ажлын байртай байлгах бодлогыг ажлаа авснаас хойш барьж ажиллаж байна. Ингэхийн тулд нэмүү өртөг шингээсэн бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрлэл, үйлчилгээний газрыг нэмэгдүүлэх, 24-35 насны залуусын ажиллах ажлын байрыг бий болгох зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна.
 
Тухайлбал улсын болон орон нутгийн хөрөнгөөр ажил үйлчилгээ үзүүлэх, аливаа тендерт орон нутгийн аж ахуйн нэгжийг давуу эрхтэйгээр оролцуулах, ингэснээр орон нутгийн аж ахуйн нэгжийг бойжуулах, ажлын байрыг тогтворжуулах, Баянхонгор аймагт уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд ажилчдынхаа 30 хувийг орон нутгаасаа авах зэрэг бодлогыг барьж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3325
2169 / 65%
692 / 21%
226 / 7%
238 / 7%