Орчин үеийн худалдаа үйлчилгээний төвийг Баянхонгор аймгийн уугуул гаралтай Б.Энхтүвшин, Ж.Ганхүлэг зэрэг нутгийн бизнесменүүдийн үүсгэн байгуулсан "Буянт Богд Трэйд" ХХК-ний захиалгаар "Рокпэйнт" групп барих ба өнгөрөгч өдөр буюу 2018 оны 04-р сарын 14-ний өдөр шав тавилаа.
Шав тавих ёслолын үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Г.Батжаргал, ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр, Жигүүр богд ХХК-ний захирал Ж.Ганхүлэг, "Рок пэйнт" группын гүйцэтгэх захирал н.Мөнхдалай болон бусад албаны төлөөлөл ард иргэд оролцлоо.
Тус худалдаа үйлчилгээний барилга нь хуучнаар Дунд зах дээр баригдах ба барилгын хэмжээ нь 28×48 харьцаатай 6 давхар ба нийт 5000 м2 худалдаа үйлчилгээний талбайтай байх юм. Барилгын хийц нь төмөр карказан байх ба томоохон худалдааны төвүүдийн адил дэвшилтэт стандартаар баригдаж ажээ.
Одоо тус талбайг чөлөөлөх ажил явагдаж байна. Барилгын ажил тун удахгүй эхэлж улмаар энэ оны 11-р сард ашиглалтад оруулах юм байна.
Барилгын талбай дээр 100-120 хүн ажиллах ба ажиллах хүчний 70-80 хувийг орон нутгаас хангах аж.
Дэлгэрэх буюу хуучнаар дунд зах дээр баригдах худалдаа үйлчилгээний төвийг 5 гаруй тэрбум төгрөгийн төсөвтэйгөөр байгуулах ба ашиглалтад орсоноор нийт 1000 орчим ажлын байр бий болно гэсэн тооцоолол хийгджээ.