Баянхонгор сумын багуудын Иргэдийн нийтийн хурал энэ амралтын өдрүүдээр боллоо. Хурлаар 1.Аймгийн Засаг дарга Г.Батжаргал орон нутагт хийж хэрэгжүүлж буй ажил, цаг үеийн зарим асуудлаар мэдээлэл хийх, 2.Сумын гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээлэл, 3.Сумын шөний гэрэлтүүлгийн асах хугацааг уртасгах, засвар арчлалтын талаар, 4. Өмчлөлийн газрын зөрчилтэй иргэдийн санал гомдлыг хүлээн авах тухай гэсэн 4 асуудлыг хэлэлцэн зохих шийдвэрүүдийг гаргалаа.
Уг хуралд аймгийн Засаг дарга Г.Батжаргал, ЗДТГ-ын ХОХБТХ-ийн дарга Д.Ихбаяр, Баянхонгор сумын ИТХ-ын дарга Б.Соронзонбаатар, ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Ж.Бямбасүрэн, сумын Засаг дарга бөгөөд хотын захирагч Ж.Мөнхсоёл, , Засаг даргын орлогч Б.Наранбаяр, Хот тохижилт ОНӨГ-ын дарга Г.Цэдэндамбаа, багуудын Засаг дарга, ИНХ-ын дарга нар болон холбогдох газрын мэргэжилтнүүд оролцож иргэдийн санал хүсэлтийг сонсч, хариулт өгч, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэж ажиллаж байна.
Баянхонгор сум нь Баян-Овоо, Эрдэнэцогт, Өлзийт сумаар хиллэсэн Засаг захиргааны есөн багтай. Аймгийн нийт хүм амын 40 гаруй хувь нь буюу 9600 өрхийн дөчин мянга орчим иргэд амьдардаг томоохон бүс юм.Хурлын үеэр Засаг дарга Г.Батжаргал аймог орон нутагт хийгдэж буй ажил арга хэмжээ болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Сумын ГХУСАЗСЗ болон сумын ЗДТГ-аас иргэдээ аюул осолгүй амьдруулах тал дээр анхаарч сумын шөнийн гэрэлтүүлгийн асах хугацааг уртасгах, завсар шинэчлэлийн ажлыг хийх санал санаачлага гаргасан байна. Тодруулбал Баянхонгор суманд энэ оны сүүлийн 9 сарын байдлаар харахад 427 гэмт хэрэг зөрчил гарчээ. Өмнөх онуудтай харьцуулахад 100 гаруй нэгжээр өссөн байна. Эдгээр гэмт хэрэг зөрчил үдэш оройн цагаар буюу 22:00-06:00 цагаар илүү их үйлдэгдэж байна. Хэрэг зөрчил харьцангуй бага гардаг өдөр нь архи дарс худалдан борлуулахыг хориглосон байдаг Засаг даргын захирамжтай Даваа гараг байна. Аймгийн төвд гэмт хэрэг зөрчил хамгийн ихээр Номгон-1, Дуурсах-3, Есөнбулаг-9, Угалз-4 багийн нутаг дэвсгэрт гардаг ба тухайн багуудын ИНХурал дээр цагдаагийн газраас мэдээлэл хийлээ.
Энэ бодит гарсан судалгаа шинжилгээнээс үүдэн Баянхонгор сумын гэр хорооллуудыг шөнийн цагаар байнгын гэрэлтүүлэгтэй болгосноор аюул осолд иргэд, хүүхэд багачууд бага өртөнө гэж мэргэжлийн байгууллагууд хамтран дүгнэжээ. Бүх л шөнийн турш асаалттай байлгахад нэг өрх сард 1000 төгрөгийн хураамжийг төлөн нийтийн эзэмшлийн гэрэлтүүлгийг үдшийн бүрэнхийгээс үүрийн гэгээ ортол асаах боломжтой болж байна. Энэ асуудлыг иргэдээр хэлэлцүүлэхэд багийн иргэдийн нийтийн хуралд оролцсон иргэд санал нэгтэйгээр 100 хувь дэмжлээ. Гэхдээ гэрэлтүүлгийг жигд тавьж эхэлсэнээс хойш 1000 төгрөгийн хураамжийг айл өрхөөс авч эхлэнэ.
Мөн иргэдийн зүгээс граж, хашааны газар авах, хашааны гэрчилгээ олгох, гэрэл цахилгааны тоолуур бичилт, ахмадын эрүүл мэндийн үйлчилгээний хөнгөлөлт, өрхийн үйлдвэрлэлийг дэмжих, архи пиво дураараа зардаг жижиг түцнүүдэд хяналт тавих, хог тээвэр, хаягжилт, Хонгор 1000 хорооллын дагуу явган хүний зам талбай хийх, камержуулалт хийх, арван мянгатын голын зам дагуу үер усны суваг шуудуутай болгож өгнө үү гэсэн олон хүсэлтийг аймаг болон сумын удирдлагуудад тавьж байлаа.
Засаг дарга Г.Батжаргал, хотын захирагч Ж.Мөнхсоёл нар иргэдийн санал хүсэлт нэг бүрийг хүлээж авч төсөв санхүүгийх хувьд боломж нь гарвал ихэнх асуудлыг зохистой байдлаар шийдхийг зорьж буйгаа илэрхийллээ.