НҮБ-иас Баянхонгор аймагтай хамтарч “Утаагүй Баянхонгор” төслийг хэрэгжүүлж байгаа. Энэ хүрээнд энэ онд 4-5-р багийн 200 айл өрхийг дулаалгын багцаар хангаж суурилуулж байгаа билээ.
Нэг айлд 1,800,000 төгрөгийн өртөг бүхий дотроо цахилгаан халаагуур, модон шүүгээ, дулаалгын шал,уур чийг тусгаарладаг, амьсгалдаг дотуур цагаан бүрээс, хаалга тойрсон дулаалгын хатавч, хаалганы дулаалга, агааржуулалтын систем зэрэг нийтдээ 11 төрлийн дулаалгын технологи шингээсэн бүтээгдэхүүн төхөөрөмж олгож байгаа юм. Уг ажлыг Баянхонгор сумын ЗДТГ-аас хариуцан зохион байгуулж байна.
Аймгийн ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр, Засаг дарга Г.Батжаргал, Баянхонгор сумын Засаг дарга бөгөөд хотын захирагч Ж.Мөнхсоёл, Баянхонгор сумын Засаг даргын орлогч Б.Наранбаяр нар 5-р багаас дулаалгын багцыг суурилуулсан хэд хэдэн өрхүүдээр орж нөхцөл байдалтай биечлэн танилцлаа. Тус багцыг суурилуулсан айл өрхийн хувьд утаа, үнс, тортоггүй орчин цэвэрхэн болсон, угаалга хийхэд тоос тортогны өнгө үнэр ч гархаа байсан тухайгаа ярьж дулаахан тохитой тухтай өвөлжихөөр болсондоо баяртай буйгаа илэрхийлж байлаа.
Цахилгааны хэрэглээний хувьд боломжийн байна гэдгийг ч өгүүлж байлаа. Зах зээлийн үнээр тооцоход нэг шуудай нүүрс 3000 төгрөг. Ийм нүүрсийг нэг өрх нэг өдөртөө түлдэг байхад сардаа 90000-н төгрөгийг түлээ нүүрсэндээ зарцуулдаг байна. Харин энэ мөнгөөр, үүнээс ч бага зардлаар түлээ нүүр, утаа тортогтой зууралдаж гэр бүлийнхээ эрүүл мэндээр хохирохгүй тохь тухтай цэвэр орчинд тааламжтай амьдрах боломж байна гэж тэд ярьцгааж байна.
Утаагүй Баянхонгор төсөл дөрвөн жилийн хугацаанд Баянхонгор аймагт хэрэгжих ба эх хүүхдийн эрүүл мэндэд ноцтойгоор сөргөөр нөлөөлж буй утааг бууруулахын тулд утааны голомт гэгдэх 4-5-р багийн 200 өрхөд энэхүү багцыг үнэ төлбөргүй суурилуулж өгөөд байна.