Баянхонгор аймгийн хэмжээнд нийт 30 хамтарсан баг гэр бүлийн хүчирхийлэл, хүүхэд хамгаалал, нийгэмд тулгамдаж буй бусад асуудлуудыг хамтаар шийдвэрлэх зорилгоор ажилладаг юм. Хамтарсан багийн ажиллах үүрэг хариуцлага, үйл ажиллагааг 2016 онд батлагдсан Монгол улсын Хүүхэд хамгааллын тухай хууль болон 2017 онд батлагдсан Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулиар нарийн тодорхойлж, хууль эрхзүйн орчныг бүрдүүлсэн юм.
Баянхонгор сумын хэмжээнд Баянхонгор сумын Засаг дарга бөгөөд Хотын Захирагч Ж.Мөнхсоёл ахлагчтай 10 баг тус бүрт хамтарсан багийн 88 гишүүд ажиллаж байна.
Жилээс жилд хамтарсан багийн нийгэм дэх үүрэг оролцоо өсөн нэмэгдэж, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрх зөрчигдөж буй асуудлуудыг илрүүлж зохих ёсоор шийдвэрлэсээр ирсэн ч хамтарсан багийн гишүүдэд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, салбар дундын байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, хүүхэд хамгааллын асуудлуудыг тодорхойлж, хүүхдийн эрх зөрчигдөж буй байдлыг бууруулах зорилгоор Баянхонгор сумын ЗДТГ, аймгийн ИТХ-ын дэргэдэх ГХУСАЗЗ хамтран Баянхонгор сумын 10 багийн Хамтарсан багийн гишүүдийн нэгдсэн уулзалт, зөвлөгөөнийг зохион байгууллаа.
Зөвлөгөөний хүндэт төлөөлөгчдөөр Баянхонгор аймгийн ЗДТГ-ын дарга Дашцэрэн, ИТХ-ын Нарийн бичгийн дарга Эрдэнэбат, Гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын дарга Мэндбаяр, Баянхонгор сумын Засаг дарга Ж.Мөнхсоёл, Засаг даргын орлогч Б.Наранбаяр, ЗДТГ-ын дарга Ц.Насанбаяр, Цагдаагийн газрын Нийтийг хамгаалах хэв журмын тасгийн дарга Мөнгөнтулга, ЕБС-иудын захирлууд хүрэлцэн ирж оролцов.
Уулзалт зөвлөгөөнийг нээн Баянхонгор сумын Засаг дарга бөгөөд Хотын Захирагч Ж.Мөнхсоёл үг хэлж, ард иргэдийг соён гэгээрүүлэх үүрэг хүлээсэн нийт Хамтарсан багийн гишүүдэд баяр хүргэн, энэ удаагийн зөвлөгөөнөөр ажилгүйдэл, ядуурал, хавтгайрсан нийгмийн халамж, боловсролын системийн гажуудлаас үүдэлтэй гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрхийн зөрчлийн талаар дэлгэрэнгүй санал бодлоо солилцож, салбар дундын байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулна гэдэгт найдаж буйгаа илэрхийлэв.
Уулзалт зөвлөгөөнөөр салбар дундын байгууллага тус бүр хамтарсан багийн хүрээнд хийгдсэн жилийн ажлын тайланг танилцуулж, гишүүдийн санал, шүүмжлэлийг хүлээн авлаа.
Ийнхүү тус зөвлөгөөнөөр хүүхдийн хичээл сургалт, хүмүүжилд эцэг эхчүүдийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх, хавтгайрсан халамжийн бодлогод хяналт тавих, эрүүл мэндийн сургалт, үзлэг оношлогоонд шаардлагатай санхүүжилтийг нэмэгдүүлэх, иргэдэд иргэний үүргээ биелүүлж байж төрийн үйлчилгээг хүртэх ухамсрыг төлөвшүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгэмшүүлэх, багийн нийгмийн ажилтнуудын ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлж шаардлагатай санхүүжилтийг нэмэгдүүлэх, боловсролын нийгмийн ажилтнуудыг хүүхдэд хүрч ажиллах нөхцөл боломжоор хангах анги танхимын хүрэлцээг бий болгох, тэдгээрийн ажлын цагийг нийгмийн ажилд зарцуулах, Хамтарсан багийн гишүүдийг урамшуулах, гэр бүлийн болон хүүхдийн хүчирхийллийг иргэдийг соён гэгээрүүлэх замаар бууруулах зэрэг дүгнэлтэнд хүрэв.