Дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой 20 хотын 16 нь Хятад улсын хотууд байна. Ази тивийн нийт утааны 80 хувийг үйлдвэрлэдэг энэ улсын агаарын бохирдол хил дамнан, далайг гатлан хөрш Японд хүртэл сөргөөр нөлөөлөх болсон байна. Тиймээс агаарын бохирдлыг бууруулах нь хамгийн чухал асуудал болоод байна. Утаа үүсгэгч нь 16 хот бүрт өөр өөр тул ижил аргаар шийдэх боломжгүй. Тиймээс хот өөрөө бие дааж, тохирсон бодлого боловсруулахыг төв аппаратаас даалгасан байна. Ингээд хотын дарга нар утаагүй болох арга ухаан сүвэгчилж эхэлжээ. Дор бүрнээ шийдэхээр эрвийх дэрвийхээрээ зүтгэсээр бодит үр дүнд хүрсэн байна. Гэхдээ эднээс утааг бүрмөсөн арилгасан нь Шеньян хот юм. НҮБ 2012 онд тус хотыг “Байгаль орчинд ээлтэй хот” хэмээн нэрлэсэн юм. Ингээд богино хугацаанд агаарын бохирдлыг бууруулж чадсан Шеньян хотын туршлагаас хуваалцъя. Энэ хот 24 сая хүн амтай. Өвөлд түүхий нүүрс ихээр хэрэглэдэг. Тэдний агаарын бохирдлын эсрэг хийсэн эхний ажил нь хотын захиргаа судлаачидтай хамтран утааны эх үүсвэрийг нарийвчлан тогтоох судалгаа хийжээ. Дараа нь цаашид авч хэрэгжүүлэх ажлаа төлөвлөсөн байна. Ингэхдээ ард иргэдийнхээ ахуйд хутгалдан, түүхий нүүрсний хэрэглээг хязгаарласангүй. Харин аж ахуй нэгж, үйлдвэрүүдийг утааны эсрэг тэмцэлд хамтрахыг уриалжээ. Нам даралтын зуухтай байгууллагуудыг төвийн шугаманд холбож, хорт утаа ялгаруулдаг үйлдвэрүүдийг хүн ам сийрэг тосгод руу нүүлгэн шилжүүлж эхэлсэн байна. Хотын замыг тогтмол чийглэж эхэлжээ. Мөн түлшний дутуу шаталттай хуучин автобусыг халж, эко түлшээр ажилладаг троллейбусыг нийтийн тээврийн үйлчилгээнд явуулснаар автомашинаас ялгарах хорт утааг бууруулжээ. Үүний дараа цахилгааны үнийг хямдруулан иргэдийг халаалтаа нүүрсээр биш цахилгаанаар шийдэхэд хүргэжээ. Ингэж богино хугацаанд утаагүй болсон байна.