Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ИТХ

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС - Орон нутгийн хүчгүйгээр улс орны хөгжлийг төсөөлөх аргагүй АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС - Орон нутгийн хүчгүйгээр улс орны хөгжлийг төсөөлөх аргагүй

Баянхонгор сумын ИТХ-ын төлөөлөгч Г.Цэдэндамбаа “Цагаан сар ба хар нулимс” нийтлэл

2015-03-10

Баянхонгор сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, Улс төрд шинэ манлайлалгч зорилтод шоуны шилдэг оролцогч Г.Цэдэндамбаагийн цаг үеийн сонирхолтой нийтлэлийг уншигч та бүхэнд хүргэж байна.

Монголын баярууд үргэлжилсээр л. Шинэ жилийн баяр 12 сардаа багтахаа байгаад 11-р сарын 27-нд хамгийн эхний байгууллага хамт олон баяраа тэмдэглэсэн гэж байгаа. Хамгийн ядарсан нэг нь хүртэл он солигдоход гэртээ ганц шампанск буудуулдаг бол алба ажил хашдаг олны танил нэг нь бүтэн сарын турш ёлкодоод “ёолдог” болжээ. Албан газрын, ахан дүүсийн, анд нөхдийн, намын, хамрагддаг холбооны, интернет сүлжээний группын гээд тоочоод байвал шинэ жилийн тансаг цэнгүүний тоо барагдахгүй нь. За энэ ч яахав өнгөрсөн жил, сарын явдал.

Тэгвэл тун удахгүй Монголын уламжлалт баяр “цагаан сар” болох гэж байна. Шинэ жилийн баярыг бодвол эртнээс тэмдэглэж эхэлсэн, ураг садан ахан дүүсээрээ цугладаг баяр. Тиймээс ач холбогдол, агуулга хэлбэр, ёс заншил уламжлал нь монголчуудын бас нэгэн биет бус өв мөн. Гэвч энэ баярын утга учир агуулгыг алдагдуулж байгаа зарим зүйлээс болж “цагаан сар”-ын баярыг тэмдэглэхгүй, “Шинэ жил”-ийн баяраас дорд үзэх явдал гарч байна.

Заавал тэмдэглэх үү?

Цагаан сарын шинийн нэгэн хэдэнд вэ? гэсэн маргаан сүүлийн жилүүдэд байнга гарах болсон. Үүнтэй холбоотой шар зурхайн ёсны Хятадын шинэ жил гэсэн ойлголт гарч ирсэн. Үүнтэй зарим нь холиод цагаан сар чинь манж хятадын үед бий болсон учраас тэмдэглэж болохгүй, тэмдэглэхгүй, шинэлэхгүй гэх хүмүүс гарах боллоо. Намар тэмдэглэдэг байгаад Чингис хааны үеэс урин хаврын эхэнд тэмдэглэдэг болсон энэхүү баяр нь үнэхээр бидний түүх, соёл уламжлалтай салшгүй холбоотой заавал тэмдэглэх баяр мөн.

Шинийн нэгний өглөө

            Шинийн нэгний өглөө айл өрхийн тэргүүн тухайн жилийнхээ зүг мөрийг гаргасныхаа дараа ойролцоо уул, толгод өндөрлөгийн оройд эртлэн гарч тэнгэр бурхандаа залбирч, арц хүж уугиулж, идээ ундааны дээжээ өргөдөг ёс бий. Өнөө цагт энэхүү ёс ихэд сэргэж буй ч бас л мэдэхгүйн балаг гарсаар байна. Тухайлбал хот суурин газарт уул толгодын оройд эрчүүд гэлтгүй охид бүсгүйчүүл гарч байна. Тэнгэр бурхандаа өргөх ёстой сүү, цагаан идээгээрээ нэгнийхээ дээл хувцасыг мялааж шинийн нэгний өглөөнөөс л муу энергийг ялгаруулж байна. Өргөсөн зүйлийнхээ уут сав, хаягдалыг хээв нэг орхиж уул усаа бохирдуулж боломгүй.

Хувцаслалт

            Зурагт сэтгүүлээр гарсан олны танил эрхэмүүдийн дээл хувцасыг дуурайх гэж хичээж, жилдээ ганцхан удаа гоёхын тулд үнэтэй дээл, хувцас өмсдөг нь шинэ үеийнхэнд үнэхээр ойлгомжгүй, үрэлгэн баяр мэт сэтгэгдэл төрүүлж байна. Яагаад эгэл жирийн энгийн дээлээ өмсч болохгүй гэж?

Золголт

Ахмад настандаа мөнгө барьж золгодог болсноос бэнчин багатай хэсгээ хөлдөө чирж байгааг зарим нь халаглан ярьдаг. Өөрөөр хэлбэл гартаа барих мөнгө муутай болохоор ахан дүүсийнхээрээ очих сонирхол эдийн засгийн хувьд хязгаарлагдаж байна.

Золгохдоо гартаа төрөл бүрийн хадаг барьдаг. Гэвч сүүлийн үеийн залуус ямар төрлийн хадаг барих ёстой, гурав нугалаад амыг нь золгож буй хүнрүүгээ харуулах зэрэг ёсыг ч мэдэхгүй хоёр нугалаад барих нь харагддаг. Золгоод үнэрлэх бус заавал үнсэх гэж шүлсээ наадаг гэх мэт нь мэдлэггүйн л гай юм.

Идээ ундаа

            Жил ирэх тусам цагаан сарын баярын ширээ улам тансаг, баян болсоор л байна. Нүүдэлчин байхдаа бид өөрсдийн гараар бэлтгэсэн цагаан идээ, хэвийн боов, идээ шүүс, айраг цагаа, нэрмэл архи, бууз банш гээд бүхнийг өрхийн үйлвэрлэлээрээ бэлтгэж баяраа тэмдэглэдэг байлаа. Орчин цагт бид бараг бүхий л зүйлсээ хэн нэгнээс худалдан авч тансагладаг үйлдвэрлэгч бус хэрэглэгч болсон. Халуун ам бүлээрээ гар сэтгэл нийлэн хэвийн боовоо хийж, ууцаа чанаж, бууз хийдэг айл өрх улам л цөөрч. Идээ ундааны нэр төрөл, зүйлүүд улам өргөжсөөр. Хэдхэн жишээ татаж үзэе. Тухайн гэр бүл албан тушаал, зэрэг дэв, насныхаа эрэмбэд таарсан тооны үетэй таваг засах учиртай. Гэтэл түүнийг нь мэдэхгүй улсын ерөнхийлөгчийн тавагнаас ч илүү өндөр, тэгш тоотой үе бүхий тавагнууд харагдах боллоо. Дээр үедээ тухайн айл өөрийнхөө чадал чансаа, боломжид тааруулж заавал ууц гэлгүй өвчүү, мөчний мах шүүс тавьдаг байж. Гэтэл өнөө цагт өөх идэж чадахгүй хаядаг байж заавал ууц, тэр дундаа том жижгээрээ зиндаархаж, бүр сүүлдээ нэг биш нилээн хэдэн ууц тавьдаг хачин үзэгдэл гарч ирэв. Баярын ширээ томрохын хирээр үнэтэй виски, архи, вино, пиво гээд согтууруулах ундааны жагсаалт ихэсч, түүнийгээ дагаад хэрэглээ нь өсч байна.

Гадаадын жуулчид “монголчууд өрхийн жилийн хэрэгцээнийхээ 4-ний нэгтэй тэнцэх хоол хүнсийг цагаан сарын хэдхэн хоногт идэж дуусгадаг” хэмээн гайхан бичиж тэмдэглэсэн байдаг. Үнэхээр бидний ийм гажиг цамаан байдал нь борог, дундаж айл өрхөд хүндээр тусдаг. Магадгүй тийм болохоор хэн нэгний бэлтгэсэн идээ ундаа, ууц, бууз, боовыг хулгайлах сэдэл төрж, энэ төрлийн гэмт хэргийн тоо эрс өсдөг биз. Хэдийгээр ямар ширээ засч зочдоо хэрхэн дайлах нь тухайн айл өрхийн асуудал боловч уг соёл, утга учраа алдаж хэрхэвч болохгүй.

Бэлэг

Хүүхэд, хөгшчүүлд гарыг нь цайлгах төдий хэвийн боов, ааруул, тос гэх мэт энгийн зүйлс өгдөг байсан. Харин өнөө цагт , баян тансаг харагдах, биенээсээ илүү гарах гэсэн сэтгэлгээнээс болж нэгэндээ янз бүрийн бэлэг өгдөг, нөгөө хэсэг нь хүнээс юм аваад яаж дутах билээ, адилхан юм өгөх гэж хичээсэн “өрсөлдөөн”, “уралдаан”-аас болж бэлгийн утга учир алдагдаж байна. Яаж ийгээд хоосон гаргахгүй гэхдээ харь улсад үйлдвэрлэсэн хэрэгтэй хэрэггүй агуулахын үлдэгдэлийг наймаачдаас худалдан авч хэтэвчээ ч хоосолж, үндэсний төгрөгөө ч хүчгүй болгосоор байна. Үүнд зарим эдийн засагчдын тооцоогоор 300 сая доллар буюу ойролцоогоор 300 сургууль барих мөнгийг бид эрээний наймаачдад төлдөг. Иймээс бэлэг өгөхөө гэнэт больж чадахгүйгээс үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, дотоодын бараа бүтээгдэхүүнээ сонгомоор байна.

Хамгийн эмгэнэлтэй нь энэхүү уламжлалт баяраа тэмдэглэхийн тулд ихэнх айл өрхүүд ямар нэгэн байдлаар өр зээл тавьдаг. Бусдад мундаг харагдах гэсэн хүмүүс цагаан сарын өмнө шинэ байр, шинэ машинтай болдог болжээ. Ийм гажиг эдийн засгийн тооцоогүй, үрэлгэн баярлаж, нэг хэсгээ хөлдөө чирч болохгүй.

Тиймээс ч Цагаан сарын талаар түүхэн сурвалжид:

“Дээл хүндэдвэл өмссөн хүнд ачаа болно

Эмээл хүндэдвээс тохсон моринд дарш болно

Эрхэм хэтэрвээс хүмүүний сэтгэлд осол болно

Янз хэтэрвээс ядуу дордост зүдгүүр болмой. Хожмын үр сад эрхэмдээ эрэмшин, осол цалгаа явна аа. Тиймээс энгийн даруу болго” гэж зарлигдсан ажээ. Үнэхээр ийм байдал өнөө цагт бий болж байгааг бид бүгдээрээ харж байна. Иймээс төрийн бодлого, журмаар зохицуулахгүй ч ядаж хүмүүн бүр хатамжлан бодож сэхээрмээр байна.

            Энэхүү нийтлэлдээ бид өөрсдөө Цагаан сарынхаа утга учрыг хэрхэн алдагдуулж, эдийн засгаараа хямарч, мэдлэг, оюуны доройтолд орж буйг харуулахыг хичээлээ.

Аль ч түүхэн эзэнт гүрнүүдийн мөхлийн шалтгааны нэг нь “тансаг баяр цэнгүүн, зугаа цэнгэл” гэж түүхчид бичсэн байдаг. Бидний энэ их олон баяр, энэ их тансаглал, энэ их оюуны ялзрал биднийг юунд хөтлөнө вэ?

2015.01.19

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3325
2169 / 65%
692 / 21%
226 / 7%
238 / 7%