Баянхонгор аймаг хоёр жилийн өмнөх сургалтын амжилтаа энэ жил 4 байраар ахиулжээ. Энэ тухай Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр өнөөдөр Баянхонгор аймгийн иргэдтэй уулзах үеэрээ мэдэгдлээ. Тэрээр ойрын өдрүүдэд хөдөө орон нутагт ажиллаж, энэ хичээлийн жилээс орон даяар хэрэгжиж байгаа ”Бага боловсролын сургалтын цөм хөтөлбөр”-ийн хэрэгжилттэй танилцах юм байна.
Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын мэдээлж байгаагаар тус аймагт БСШУЯ-ны хөрөнгө оруулалтаар дөрвөн цэцэрлэг, гурван сургууль, нэг спорт заал барьж ашиглалтад оруулжээ. Ингэснээр хамран сургалтын хэмжээ найман функтээр нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Мөн аймгийн нийт найман сургуулийн ахлах, дунд ангийн сурагчид БСШУЯ-аас олгосон орчин үеийн физик, химийн иж бүрэн лабораторид хичээллэж эхлээд байна.