Баянхонгор аймгаас УИХ-д сонгогдсон Х.Баттулга гишүүн тойрогтоо ажиллаж аймаг, сумдын хоршооллын өнөөгийн байдлыг онцолсон билээ.
Энэ удаад Хонгор нутгийн сумдын хот төлөвлөлтийн асуудлыг онцолъё. Тойргийн ажил, томилолтын хугацаанд бид тус аймгийн Галуут, Бууцагаан, Хүрээ марал, Гурванбулаг, Заг, Жаргалант сумдаар явсан юм. Зун цаг болоод цэцэрлэг, сургууль амарч сум эзгүйрсэн гэмээр эл хуль.
Гадаа халуун ч хуучин барилгууд хүйт дааж, засвар, ашиглалтын дунд орхигдсон барилгууд цөөнгүй. Тиймээс энэ байдлыг өөрчилж, аймаг, сумдыг хөгжүүлэхийн тулд бүтээн байгуулалтыг өрнүүлэх болсон.
Үүний тод жишээ нь, уг аймгийн хувьд Бууцагаан, Баянлиг суманд баригдсан “Шинэ сум”. Үүгээр сумын захиргааны байр, эмнэлэг, сургууль, цэцэрлэг, дотуур байр, спорт цогцолбор зэрэг обьектуудыг шинээр барьж, зарим хуучин ашиглагдаж байсан байрыг өөр зориулалтаар ашиглахаар болсон.
Бидний очсон Бууцагаан суман дахь “Шинэ сум”-ын барилгууд ашиглалтад ороход бэлэн. Өнгөрөгч гуравдугаар сард ашиглалтад орох байсан ч хөрөнгө, мөнгөний асуудлаас болж хойшилсоор өдийг хүрсэн бөгөөд энэ хичээлийн жилээс сургууль, цэцэрлэгт хүүхдүүд авах төлөвлөгөөтэй ажээ.
Цэцэрлэгийн хувьд, Бууцагаан суманд цэцэрлэгийн насны 305 хүүхэд байдгаас хүүхэд хүлээж авах бололцоогоор бол тал нь энэхүү шинээр баригдсан цэцэрлэгт хамрагдах боломжтой юм байна.
“Малчин сэтгэхүйгээ өөрчилье”
Газар нутгийн хэмжээгээр улсад дөрөвдүгээрт, хүн амын тоогоор аравдугаарт ордог тус аймгийн хэд хэдэн суманд дахин төлөвлөлт хийхээр болсон.
Энэ далайцтай асуудлыг зах зухаас нь ярих тохиромжгүй, үр дүнгүй тул өнгөрсөн долоо хоногт (наймдугаар сарын 18) Баянхонгор аймгийн Галуут суманд “Хот төлөвлөлт, төвлөрсөн дулаан хангамж” зөвөлгөөнийг нутгийн удирдлагууд зохион байгуулсан юм.
Үүнд УИХ-ын гишүүн Х.Баттулга, аймгийн бүх сумын удирдлагууд хүрэлцэн ирж, нутаг оронд нь ямар бүтээн байгуулалт хийх талаарх мэдээллийг авсан. Мөн бүтээн байгуулалтыг гардан хийх гүйцэтгэгч компаниудын төлөөллөөс “Их модун”, “Атмор”, “Түмэд”, “Epe eco partner engineering” компанийн албаныхан оролцож мэдээлэл хийсэн.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Баттулга “Бид арван жилийн өмнө будаа, гурилны үнэ ярьдаг байсан бол одоо хот төлөвлөлт хийх, жишиг сум болох талаар ярьж байна. Хөдөөг эзэнтэй байлгахын тулд хотоос ялгарахааргүй орчинтой болгох хэрэгтэй. Үүнд малчид, иргэдийн оролцоо ч чухал.
Юун түрүүнд малчдын ойлголтыг өөрчлөх хэрэгтэй байна. Мал бол үндсэн хөрөнгө биш, эргэлтийн хөрөнгө. Харин үл хөдлөх хөрөнгийг үндсэн хөрөнгө гэдгээр ойлгомоор байгаа юм. Тиймээс хөдөө аж ахуйн гол түүхий эдийг эргэлтэнд оруулж, худалдах явцыг эмх цэгцтэй болгохын тулд Хөдөө аж ахуйн биржийг ажиллагаанд оруулсан. Үүнд малчид түүхий эдээ тушааж, малчны данстай болж, орлогоо албажуулвал үл хөдлөх хөрөнгөтэй болох нөхцөл бүрдэнэ” гэж хэлсэн юм.
Сумдад байдал ямар байна вэ?
Тус аймаг Баянхонгор хоттой нийлээд 20 сумтай. Сум бүрт асуудал байгааг очсон газруудаасаа дүгнэсэн бөгөөд нутаг оронд нь нэн тулгамдсан асуудалтай байгаа хоёр сумыг дурдъя.
Баянбулаг сум газар нутгийн хувьд мөнх цэвдэгтэй бөгөөд аймгийн төвөөс 226 км, Улаанбаатар хотоос 886 км зайтай ажээ. Сум нийт 1700 хүн амтай, 520 өрхтэй юм байна. Энд хамгийн бэрхшээлтэй асуудал бол сургуулийн байр.
Сургуулийн барилга дулаан их алддагаас гадна мөнх цэвдэгтэй газар учраас өвөл хүүхдүүд анги, танхимдаа хичээллэхэд бэрх, гар, хөл нь үргэлж бээрдэг байсныг тус сумын сургуулийн захирал Б.Амарсайхан хэлсэн юм. Урьд нь сургуулийн спорт заалгүй байхад зун нь гадаа тоглож, өвлийн цагт ангидаа тоглодог байжээ. Уг сургууль 2006 онд ашиглалтад орсон ч дулаалга муутай тул сүүлд ийнхүү 40 сая төгрөгийн санхүүжилтээр засвар хийж нөхцөл байдал дээрджээ.
Гурван булаг суманд мөн мөнх цэвдэгтэй. Энд 100 хүүхдийн ортой цэцэрлэгийн барилгын ажлын тендерийг 2012 онд зарлаж, барьж эхэлсэн бол одоо барилгын ажлын төсвийг “царцаасан” байна. Нийт 878 сая төгрөгийн өртөгтэй уг барилгын үлдсэн 278 сая төгрөгийн санхүүжилт өнгөрсөн жилийн эцсээр зогссоноор одоо балгас мэт байдалтай болжээ.
Энэ оны дөрөвдүгээр сараас эхлэн барилгын ажилчдынхаа цалинг одоо хүртэл тавьж чадахгүй байгааг барилгын ажил гүйцэтгэгч компанийн менежер Ш.Лхамдорж хэлж байсан юм.
Үлдсэн санхүүжилтээс 120 сая төгрөг батлагдсан ч одоог хүртэл орж ирэхгүй, хэзээ орох нь тодорхойгүй байгаа ажээ. Анхнаасаа хөрөнгө мөнгө зарж эхлүүлсэн, гүйцэтгэгч компанид учирсан хохирлыг бодсон ч тэр барилгын ажил бүрэн зогсдог өвлөөс урьтаж энэ асуудлыг яаралтай шийдэх хэрэгтэй болсныг сумын удирдлагууд ч хэлсэн.
Тиймээс бодлого боловсруулагчид энэ байдлыг анхаарч, хичээлийн шинэ жил эхлэх дөхсөн энэ цаг үед санхүүжилтийг яаравчлан шийдэж өгөхийг хүсч байлаа. УИХ-ын гишүүн Х.Баттулга орж ирээгүй үлдсэн санхүүжилтийг төсөвт суулгах талаас нь анхаарахаас гадна барилгын ажилд шаардлагатай шавар хийх бригадад мөн туслахаа хэлсэн юм.
Ийнхүү хүн амын тоо, газар нутгийн онцлогтой холбоотойгоор сум бүрт янз бүрийн асуудал байна. Хотын төвлөрөл, нягтшлыг задалж, хөдөөг эзэнтэй байлгаж, хөдөө аж ахуйг дэмжихийн тулд сумдад хийх том, жижиг ялгаагүй бүтээн байгуулалт чухал байна.
Энэ жил 17 суманд дахин төлөвлөлт хийнэ
Энэ жилээс Баянхонгор, Ховд, Сэлэнгэ, Төв, Өмнөговь, Баян-Өлгий аймаг ерөнхий төлөвлөгөө хийхээр болжээ.
Үүний нэг Баянхонгор аймаг гэхэд нийт 20 сумтайгаас 17 нь хот төлөвлөлтийн ерөнхий төлөвлөгөө хийгээд дуусч буйг тус аймгийн Засаг дарга Д.Жаргалсайхан дуулгасан юм.
Аймаг, орон нутгийн хувьд “Шинэ сум”-ыг уялдуулж төлөвлөгөө хийхийг голчлох бөгөөд аймгийн төвийг байгальд ойрхон, хүнд ээлтэй хот болгохыг зорино гэсэн. Энэ жил Баянхонгор хотод 5.6 км зам шинээр тавьсан байна.
Цаашдаа аливаа зам барилга, гудамж тохижилтын ажлыг “Гудамж” төсөлтэй холбон хийх ажээ. Мөн зарим суманд ногоон байгууламж бий болгох юм гэсэн.
Сумын ерөнхий төлөвлөлтөөр “Түмэд” групп Баянхонгор аймгийн Жинст сумыг зөвөлгөөний үеэр онцолсон юм.
Уг сум Баянхонгор аймгийн хойд Баян-Овоо, зүүн хойд Өлзийт, зүүн урд Богд, баруун урд Баянцагаан сумуудтай хиллэн Улаанбаатар хотоос 780 км, аймгийн төвөөс 93 км зайд говь, тал хээрийн бүсэд оршдог. Газар нутгийн хэмжээгээр аймагтаа тавдугаарт ордог, 603 өрхийн 2076 хүнтэй, 86 мянга гаруй толгой малтай ажээ. Хүн амын 20 хувь нь сумын төвд, үлдсэн нь хөдөөгийн багуудад амьдарч байна.
Газар нутаг инженер, геологийн энгийн нөхцөлтэй юм байна. Харин 2028 он гэхэд хүн амын тоо 4000 хүрэхийг тооцоолж, барих бололцоотой орон сууцны тоог тус групп гаргасан байна. Тодруулбал, Жинст суманд 24 айлын хоёр давхар, эдэлбэр газартай дөрвөн амины орон сууц, үйлчилгээтэй нийтийн орон сууцыг 40 айлынхаар дөрвийг, энгийн нийтийн орон сууц 48 айлынхаар наймыг, мөн төрийн албан хаагчдын орон сууц барихаар ерөнхий төлөвлөгөөнд тусгажээ.
Нийтэд нь багцалбал, суурьшлийн бүс (орон сууц, хаус хороолол) 41 хувь, олон нийт, үйлчилгээний бүс (Шинэ сумын төв, худалдаа, үйлчилгээний) 18 хувь, ногоон бүс (хамгаалалтын ногоон бүс, соёл, амралтын) 13 хувь, үйлдвэрийн бүс 6 хувь, үлдсэн нь бусад гэж хуваасан байна.
Ийнхүү сумдыг дээрх маягаар газар орны онцлог, шинж чанараас шалтгаалан ерөнхий төлөвлөгөөнд оруулах ажээ. Нутгийн иргэд одооноос ерөнхий төлөвлөгөө ярьж эхэлж байгаад сайшаалтай хандаж буй. Учир нь жил ирэх тусам хүн ам өсч, байшин барилга нэмэгдэхээс урьтаж ерөнхий төлөвлөгөө хийн, эртнээс цэгцэнд оруулах хэрэгтэй гэж үзэж байгаа юм.