Баянхонгор аймгийн Баян-Цагаан сумын ерөнхий боловсролын “Эрдмийн ундраа” сургуулийн захирал С.Нандинцэцэгтэй ярилцлаа. Бага боловсролд шинэчлэл хийж, “Зөв Монгол хүүхэд” хөтөлбөрийг орон даяар хэрэгжүүлж буй. Үүнээс өнгөрсөн жил “Авьяас” дэд хөтөлбөрийг аймгийн хэмжээнд дүгнэж, бүх сургуулийн дунд урлагийн наадам зохион байгуулжээ. Тэр уралдаанд Баянцагаан сумын сурагчид тэргүүн байрт шалгарсан байна.
-Энэ хичээлийн жилээс орон даяар бага боловсролын шинэчлэгдсэн хөтөлбөрөөр хичээллэж байгаа. Энэ шинэчлэл танай сургуульд хэр хэрэгжиж байна?
-Боловсролын чанарын шинэчлэл орон даяар явагдаж, “Эрдэм боловсролтой монгол хүн” хөтөлбөр амжилттай хэрэгжээд хоёр дахь жилдээ явж байна. Үүний хүрээнд бага боловсролын цөм хөтөлбөр орон даяар хэрэгжээд эхэллээ. Бид ч гэсэн төлөвлөгөө гаргаад түүнийхээ дагуу ажиллаж байна. “Эрдмийн ундраа” сургууль маань одоогоор 707 сурагч 74 багштайгаар сургалтын үйл ажиллагаагаа явуулж байна. Дотуур байрандаа зуун сурагч суулгадаг.
Бага дунд боловсролын цөм хөтөлбөрийн хүрээнд бид эцэг эхчүүд рүү чиглэсэн үйл ажиллагаа явуулж байна. Өнгөрсөн сарын 20-нд л гэхэд эцэг эхчүүдийн өдөр зохион байгуулсан. Энэ өдөр аав, ээж нь хүүхдүүдийнхээ өмнөөс сурагч болж байгаа юм. Ингэснээр тэд ч гэсэн шинэчлэлийн хөтөлбөрийг ойлгож, хүүхдийнхээ хичээлийг хэрхэн давтуулах талаар мэдлэгтэй болсон. Энэ хөтөлбөрийн маань гол онцлог хандлага тал руугаа чиглэсэн. Хүүхдүүдийг бүх хичээлд нь жигд сайн сургах гэж шахах биш чаддаг зүйлийг нь дэмжихээр тэдэнд “би чадах юм байна” гэсэн итгэл өгч байна.
-Бага ангийн сурах бичиг шинээр хэвлэгдсэн. Шинэ сурах бичгээр хичээл явуулахад багш нарт хүндрэлтэй зүйл гарч байна уу?
-Өмнө нь хичээлийн хөтөлбөр хоорондоо уялдаагүй байсан бол энэ удаа сурах бичиг бүрийн агуулга хоорондоо холбоотой болсноор хүүхдэд мэдлэг үлдээхэд дөхөм болжээ. Мөн багшийн номтой болсноор багш нарын ажлыг хөнгөвчилсөн. Өмнө нь багш нар хоорондоо ажлынхаа үзүүлэлтээр өрсөлддөг байсан бол одоо нэг нэгэндээ тусалж, хамтдаа хөгжиж байна.
-“Авьяас” хөтөлбөрийн үр дүнгийн талаар ярилцъя. Одоо бол үр дүнгээ ярих цаг хангалттай өнгөрсөн шүү дээ?
-“Авьяас” хөтөлбөрийн хүрээнд манай сургуульд 13 төрлийн дугуйлан, секц хичээллэж байна. Нийт сурагчийн 80 гаруй хувь буюу давхардсан тоогоор 587 хүүхэд “Авьяас” хөтөлбөрт хамрагдаж байгаа. Өнгөрсөн жил анх удаа аймгийн хэмжээнд “Хонгорын фестиваль” зохион байгуулсан. Энэ наадамд манай сургуулиас 101 хүүхдийн бүрэлдэхүүнтэй оролцож, аймагтаа нэгдүгээр байрт шалгарлаа. Хөтөлбөрийн хүрээнд шатар, даамны дугуйланд 70 гаруй хүүхэд хамрагддаг. Өнгөрсөн жил даамны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд дөрвөн сурагч оролцоод, хоёр нь аварга болсон.
-Хүүхдүүдийг олноор нь “Авьяас” хөтөлбөрт хамруулснаар аймгийн хэмжээнд тийм бахархам амжилт гарч байна хэмээн ярих болж. Танай сургуулийн хувьд?
-Баянхонгор аймгийн боловсролын газраас чулуун царгил хөгжмийг улсын брэнд болгохоор ажиллаж байгаа. Энэ хөгжим манай сумаас үүсэлтэй. Чулуун царгил хөгжмийн дугуйланд манай сургууль дээр л гэхэд 120 гаруй хүүхэд хичээллэдэг. Анх эцэг эхчүүдийн хүчээр говь руу хөгжмийнхөө чулуундаа явдаг байсан бол сүүлийн үед сургуулийн хүчээр явсаар боломжийн хэмжээний чулуутай болчихсон. Чулуун царгил хөгжмийг манай сургуулийн бага, дунд ангийнхан ангиараа тоглож сурсан. Энэ хөгжмийг сурснаар ямар ч үндэсний хөгжим тоглочих хэмжээний чадвартай болдог.
-3-5 дугаар ангийнхны дуу хөгжмийн шинэ номонд үзсэн нотоо бишгүүр хөгжмөөр дарж сурах хөтөлбөр багтсан байна лээ. Энэ хичээлийг чулуун царгил хөгжим дээрээ заах боломжтой юу?
-Боломжтой. Чулуун царгил хөгжмөө нэмэгдүүлэх боломж ч бий. Гэхдээ чулуугаа тавих суурийг модоор хийх ажил нь хоцроод байгаа. Гэхдээ эцэг эхчүүд маань маш идэвхтэй учраас суурь хийж өгдөг. Бас ирэх жилийн орон нутгийн хөгжлийн сангийн төсөвт боловсролын чиглэлээр хийх хэд хэдэн ажил санхүүжүүлэхээр болж байгаа. Тэнд чулуун царгил хөгжмөө нэмэгдүүлэх санал ч тавина.
-Байгалийн чулууг хөгжим болгоод хөг оруулаад тоглоно гэхээр санаанд нэг л буухгүй юм. Чулуугаа түүж ирээд гар ажиллагаагаар хөг оруулдаг уу?
-Хөгтэй чулуу байна. Хөгжмийн багш маань сонсч үзээд нэг хөгжим болоод хамт дуугарах чулуунуудыг сонгоно. Бас зарим чулууг хөглөх шаардлага гардаг юм билээ.
-Хөдөөгийн сургуулиудын нэг бэрхшээл нь багш нарын хүрэлцээ. Танай сургуулийн хувьд ямар байна?
-Манай сургуулийн хувьд боловсон хүчний хангалт сайн. Энэ жилээс багшлах эрхийн шалгалт өгсөн хүмүүсээс сургуулиуд сонголтоо хийдэг болсон нь их зөв санагдсан. Манай сургуулийг төгссөн хүүхдүүд багш болоод эргээд сумдаа ирдэг учраас шилжилт хөдөлгөөн байхгүй.
-Танай сургуулийн барилга хэзээ баригдав. Харьцангуй шинэ харагдаж байна. Засвар шинэчлэл хийх шаардлага гарч байна уу?
-Жил бүр сургуулиудад урсгал засварын мөнгийг төсвөөс өгдөг л дөө. Манай сургуульд нэг сая 499 мянган төгрөг ирдэг. Энэ нь хаана ч хүрдэггүй учраас эцэг эхчүүдийн оролцоотойгоор л засварын асуудлаа шийдэхээс өөр аргагүйд хүрдэг л дээ. Хичээлийн нэгдүгээр байрны дээвэр муу байсныг өнгөрсөн жил сайдын багцаас 47 сая төгрөг авч, засварлуулсан. Одоо спорт заалны дээвэртээ их засвар хийх болсон. Ирэх жилээс хөрөнгө оруулалтын саналаа өгнө. Ямар ч засвар, шинэчлэлийн ажил хийх боллоо гэхэд сургууль зураг төслийн мөнгөө шийдэж чадвал яам болон аймгийн боловсролын газраас хурдан хугацаанд шийдчихдэг.
-Ахлах ангийн сурагчдад мэргэжил сонголтод нь сургуулийн зүгээс хэр зүг чиг гаргаж өгч байна вэ?
-Намар ахлах ангийн сурагч, эцэг эхчүүд болон багш нарын нэгдсэн хурал хийдэг. Тэндээс хүүхдүүд би ямар мэргэжил эзэмшиж болох вэ гэдгээ мэдээд авчихдаг. Жил бүр манай сургуулийг төгсөгчдийн 80 гаруй хувь нь улсын болон хувийн их, дээд сургуульд элсэн суралцдаг. Манай сургууль мөн Дэлхийн зөн олон улсын байгууллагатай хамтын ажиллагаатай. Үүнийхээ хүрээнд ахлах ангийн сурагчдад хичээлийн бус цагаар мэргэжлийн сургалт олгохоор төсөл бичээд өгсөн. Хэрэв энэ маань нааштай шийдэгдвэл ахлах ангийн сурагчдадаа дөрвөн төрлийн сургалт явуулна. Эх сурвалж: www.assa.mn