Монгол Улсын Хууль зүйн сайдын 2015 оны 02 дугаар сарын 25-ны А/30 дугаар тушаалаар “Тээврийн хэрэгслийг тусгай хашаа /талбай/-нд түр байлгах журам”-ыг батлан, тушаалыг хэрэгжүүлж ажиллахыг Цагдаагийн ерөнхий газрын дарга /Р.Чингис/-т, тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хууль зүйн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт тус тус даалгасан байна.
Энэ тушаал гарсантай холбогдуулан Хууль зүйн сайдын 2014 оны А/18 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцжээ.
ТА БҮХЭН ДЭЭРХ ТУШААЛААР БАТЛАГДСАН ЖУРАМТАЙ ТАНИЛЦАНА УУ.
Хууль зүйн сайдын 2015 оны А/30
дугаар тушаалын хавсралт
ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ ТУСГАЙ ХАШАА /ТАЛБАЙ/-НД
ТҮР БАЙЛГАХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Энэ журмын зорилго нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Жолоочийн даатгалын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрэм болон холбогдох бусад хууль тогтоомжийг зөрчиж, хуульд заасан үндэслэлээр саатуулсан тээврийн хэрэгслийг хүлээн авах, түр байлгах, хүлээлгэн өгөх харилцааг зохицуулахад оршино.
1.2.Түр саатуулсан тээврийн хэрэгслийг тусгай хашаа /талбай/-нд хүлээн авах, түр байлгах, хүлээлгэн өгөх ажиллагааг гүйцэтгэхдээ энэ журмыг баримтална.
1.3.Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор замын хөдөлгөөний нөхцөл байдал, хүн ам, тээврийн хэрэгслийн нягтрал, бусад онцлог, тухайн үед шийдвэрлэх зорилтуудыг харгалзан аймаг, нийслэл, сум, дүүрэгт тээврийн хэрэгслийг түр байлгах тусгай хашаа /талбай/-г байгуулж болно.
1.4.Цагдаагийн байгууллага нь эрэн сурвалжилсан, гэмт хэрэгт холбогдсон, эзэн холбогдогч нь тодорхойгүй тээврийн хэрэгсэл, гээгдэл эд хөрөнгийг хууль ёсны эзэмшигчид нь олгох, хэрэв хууль ёсны эзэмшигч олдохгүй бол төрийн, эсхүл орон нутгийн холбогдох байгууллагад шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх хүртэл хадгалах зориулалттай тусгай хашаа /талбай/-тай байж болно.
Хоёр. Тээврийн хэрэгслийг тусгай хашаа /талбай/-нд
түр байлгах үндэслэл
2.1.Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 3 дахь заалт, мөн зүйлийн 4 дэх хэсгийн 6 дахь заалт, Жолоочийн даатгалын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт болон бусад хуульд заасан үндэслэлээр Замын хөдөлгөөний аюулгүй байдлын улсын хяналтын байцаагчийн шийдвэрээр тээврийн хэрэгслийг тусгай хашаа /талбай/-нд түр байлгана.
Гурав. Тээврийн хэрэгслийг тусгай хашаа /талбай/-нд
хүлээн авах, хадгалах, хүлээлгэн өгөх
3.1.Тусгай хашаа /талбай/-ны хамгаалалтын ажилтан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын улсын хяналтын байцаагчийн шийдвэрээр тусгай хашаа /талбай/-нд байлгахаар зориулалтын ачигч, чирэгч тээврийн хэрэгслээр зөөвөрлөн ирсэн, эсвэл цагдаагийн алба хаагчийн хүргэж ирсэн тээврийн хэрэгслийг нэвтрүүлнэ.
3.2.Тээврийн хэрэгслийг саатуулсан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын улсын хяналтын байцаагч, эсхүл зориулалтын чирэгч тээврийн хэрэгслээр зөөвөрлөн авч ирсэн техникийн ажилтан, бололцоотой тохиолдолд жолооч /эзэмшигч, өмчлөгч/-ийг байлцуулан тээврийн хэрэгслийн гадна тал, ачаа, тээшинд үзлэг хийж, тэмдэглэл үйлдэж, тэмдэглэлд холбогдох этгээдээр гарын үсэг зуруулан тусгай хашаа/ талбай/-ны хамгаалалтын ажилтанд хүлээлгэн өгнө.
3.3.Тусгай хашаа /талбай/-нд тээврийн хэрэгслийг түр байлгах үеийн аюулгүй, бүрэн бүтэн байдлыг хамгаалалтын ажилтан хариуцна.
3.4.Тусгай хашаа /талбай/-нд байлгах тээврийн хэрэгсэлд түргэн муудах, хөлдөх бараа бүтээгдэхүүн, эд зүйлс илэрсэн тохиолдолд тээврийн хэрэгслийн жолооч /эзэмшигч, өмчлөгч/-д хүлээлгэн өгөх, хэрэв тухайн тээврийн хэрэгслийн жолооч /эзэмшигч, өмчлөгч/ нь байхгүй тохиолдолд Захиргааны хариуцлагын тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу тэмдэглэл үйлдэж энэ тухайгаа аймаг, нийслэлийн эсхүл хотын цагдаагийн газар, хэлтсийн ерөнхий зохицуулагчид мэдэгдэнэ.
3.5.Тусгай хашаа /талбай/-д түр байлгах тээврийн хэрэгсэлд тэсэрч дэлбэрэх, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис, галт зэвсэг, сум илэрсэн тохиолдолд аймаг, нийслэлийн эсхүл хотын цагдаагийн газар, хэлтсийн ерөнхий зохицуулагчид мэдэгдэнэ. Ерөнхий зохицуулагч нь холбогдох байгууллага, албан тушаалтанд танилцуулан шаардлагатай арга хэмжээг зохион байгуулж шийдвэрлэнэ.
3.6.Хүйтний улиралд тусгай хашаа /талбай/-нд түр байлгах тээврийн хэрэгслийн хөргөлтийн системийн шингэн хөлдөж болзошгүй талаар тухайн тээврийн хэрэгслийн жолооч /эзэмшигч, өмчлөгч/ нь мэдээлсэн тохиолдолд шингэнийг асгах, солих боломжоор хангана. Боломжтой тохиолдолд зай хураагуурыг салгана.
3.7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад түр саатуулсан, хураасан, битүүмжилсэн тээврийн хэрэгслийг тусгай хашаа /талбай/-наас гаргах үндэслэл нь прокурорын шийдвэр, зөрчлийг шийдвэрлэж байгаа цагдаагийн байгууллагын ажилтны шийдвэр болно.
3.8.Тусгай хашаа /талбай/ хариуцсан ажилтан нь тээврийн хэрэгслийг хүлээлгэн өгөхийн өмнө хамгаалалтын ажилтнаас үзлэгийн тэмдэглэл, бүртгэлээр тулгаж буцаан хүлээн авна.
3.9.Тусгай хашаа /талбай/ хариуцсан ажилтан нь тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, ачиж явсан ачаа, тээшийг жолооч /эзэмшигч, өмчлөгч/, болон тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хүлээн авсан бүртгэлтэй тулгаж тухайн тээврийн хэрэгслийн жолооч /эзэмшигч, өмчлөгч/, тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгчид хүлээлгэн өгч, тэмдэглэлд гарын үсэг зуруулна.
3.10.Тээврийн хэрэгслийг техникийн оношилгоо, шинжилгээ хийлгэхээр түр хугацаагаар авч явах, буцааж тусгай хашаа /талбай/-нд түр байлгах тохиолдолд энэ журмын 3 дугаар зүйлийн 3.1-3.8 дахь заалтыг баримтална. Энэ хугацааг тусгай хашаа /талбай/-д байлгасан хугацаанд оруулан тооцно.
3.11.Тээврийн хэрэгслийг түр байлгах тусгай хашаа /талбай/-наас хүлээн авч гаргаснаас хойш хохирол учирсан тухай нэхэмжлэлийг тусгай хашаа /талбай/ хариуцсан байгууллага, аж ахуйн нэгж хариуцахгүй.
3.12.Тусгай хашаа /талбай/-нд түр байлгасан тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг тухайн үйл ажиллагааг эрхлэн хариуцаж байгаа байгууллага, аж ахуйн нэгж хариуцах бөгөөд энэ хугацаанд хохирол учирсан тохиолдолд арилгах үүрэгтэй.
3.13.Тээврийн хэрэгслийг түр байлгах тусгай хашаа /талбай/-нд байгаа тээврийн хэрэгслийн бүхээг болон тээшинд хүн, амьтан байлгахыг хориглоно.
Дөрөв.Тээврийн хэрэгслийг түр байлгах тусгай
хашаа /талбай/-нд тавигдах нийтлэг шаардлага
4.1.Тээврийн хэрэгслийг түр байлгах тусгай хашаа /талбай/ нь дараах нийтлэг шаардлагыг хангасан байна. Үүнд:
4.1.1.тээврийн хэрэгслийг түр байлгах ил болон битүү зогсоолтой байх;
4.1.2.тээврийн хэрэгслийг түр байлгах зогсоолын талбай нь хэвтээ тэмдэглэлтэй, зогсоол бүр дугаартай байх;
4.1.3.галын аюулгүй байдлыг бүрэн хангасан, гал унтраах багаж, хэрэгслийг зохих журмын дагуу байршуулсан байх;
4.1.4.шаардлагатай үед шилжүүлэх тээврийн хэрэгслийг зориулалт бүхий чирэх зөөвөрлөх хатуу, зөөлөн холбоотой байх;
4.1.5.хаалганаас өөр газраар хүн, мал амьтан нэвтрэх боломжгүй байхаас гадна шөнийн цагт, үзэгдэх орчин хангалтгүй үед бүрэн харах бололцоо бүхий гэрэлтүүлэгтэй, камерын хяналтын системтэй /камерын бичлэг нь 1 сарын хугацаанд хадгалагддаг байх/, удирдлага нь харуулын байранд байна;
4.1.6.дохиолол хамгаалалтын системтэй байх;
4.1.7.харуулын байр нь тээврийн хэрэгслийг хянах боломжтой, ажиллах нөхцөлийг бүрдүүлсэн, холбооны хэрэгслээр хангасан байх.
4.2.Тусгай хашаа /талбай/ нь байнгын хамгаалалтын ажилтантай байна. Харуул хамгаалалтын ажилтныг гэрээгээр ажиллуулж болно.
4.3.Тээврийн хэрэгслийг түр байлгах тусгай хашаа /талбай/ нь болзошгүй аюулаас сэргийлэхийн тулд заавал даатгагдсан байна.
Даатгалын хураамжийг тээврийн хэрэгслийг түр байлгах тусгай хашаа /талбай/-ны эзэмшигч байгууллага, аж ахуйн нэгж хариуцна.
Тав.Бусад зүйл
5.1.Аймаг, нийслэлийн Засаг дарга нь хариуцсан нутаг дэвсгэртээ замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1-д заасны дагуу замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах төлөвлөгөөний дагуу тээврийн хэрэгслийг түр байлгах тусгай хашаа /талбай/-г байгуулах, аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулах /аж ахуйн нэгжийн эзэмшлийн бол/ асуудлыг шийдвэрлэнэ.
5.2.Тээврийн хэрэгслийг тусгай хашаа /талбай/-нд түр байлгах шийдвэртэй холбоотой гомдол, маргааныг харьяалах Замын хөдөлгөөний аюулгүй байдлын улсын хяналтын байцаагч шийдвэрлэх бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхээр шийдвэрлүүлнэ.
5.3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тээврийн хэрэгслийг түр саатуулсан, хураасан, битүүмжилсэн шийдвэртэй холбоотой гомдол, хүсэлтийг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасны дагуу шийдвэрлэнэ.
5.4.Тээврийн хэрэгслийг тусгай хашаа /талбай/-нд түр байлгасан хугацааны зардлыг буруутай этгээдээр төлүүлнэ.
5.5.Тусгай хашаа /талбай/-нд тээврийн хэрэгслийг түр байлгасан хугацааны зардлаа төлөхгүй байх, тээврийн хэрэгслээ авахаас татгалзсан тохиолдолд тусгай хашаа /талбай/-г хариуцсан байгууллага, хуулийн этгээд нь шүүхэд нэхэмжлэл гаргах замаар төлбөрөө шийдвэрлүүлнэ.
--- оОо ---