1. Цагаан агуй нь Баянхонгор аймгийн нутаг Бага Богд уулын өмнөд хэсэгт Баянлиг сумаас зүүн хойд зүгт 40 км зайтай, оршино. Уг агуй цул шохойн чулуун уулын бэлд шохойн чулуун уулыг хөндлөн огтолсон гүн хавцалд баруун тийш харсан 3.5 метр өргөн, 3.2 метр өндөр амтай. Агуйн нийт урт 44.1 метр, 4.5 метр дундаж өндөртэй, 4.4 метр дундаж өргөнтэй. Хоорондоо нарийн хонгилоор холбогдсон дөрвөн том танхимтай. Эхний хонгил нь 8.0 х 9.6 метр хэмжээтэй бөгөөд дараагийн танхимуудын хэмжээ 2.0-3.0 метрээр буурдаг юм.
Агуй үүссэн чулуу нь венд – кембрийн үеийн настай антигжсан шохойн чулуу юм. Уг агуй нь хэвтээ шинжийн карстын агуй юм. Агуйн хана дээврийн хэсэгт үүссэн ан цав маш бага, ургуу бана, унжуу бана ерөөсөө байхгүй. Гурав дах танхимд нилээд том яндан хоолой үүссэн бий. Агуйн хана дээврийн хэсэг нь том том талсттай шаравтар өнгөтэй исланд жоншны талстаар бүрхэгдсэн байна. Агуйн дээвэр нь бөмбөгөр хэлбэртэй, танхимуудын шал нь тэгш хавтгай юм. Агуйн эхний танхимд 9.0 метр урт, 3.2 метр өндөр, 3.5 метр өргөн хонгилоор дамжин орох бөгөөд энэ танхим саруул уужим юм. Танхимын дээврийн хэсэгт тооно хэлбэрийн том онгорхой бий. Агуйн гэрэлтэй бүс, адаад шилжилтийн бүс нилээд их юм.
2. Бичигт хад. Баянгийн нурууны Их Бичигтийн аманд эдүгээгээс 3000 жилийн тэртээд холбогдох эртний хүмүүсийн хаданд бичиж үлдээсэн бичиг соёлын нандин өв болох сүг зургууд бүхий байгалийн галарей бий. Энд сонирхол татсан нэгэн зураг бол анжисанд үхэр хөллөөд газар хагалж буй хүнийг дүрсэлсэн зураг.
Энэ зургийг МЭӨ-III мянган жилийн өмнөх үеийн бүтээл гэж үздэг. Үүнээс үзхэд энэ нутагт оршин суугчид 3000 жилийн өмнө малын хүчийг тэргэнд хөллөн ашиглаж газар тариалан эрхлэж байсны нотолгоо юм. Иймээс энэ зураг нь Дэлхий дээр хамгийн анх түрүүн тэрэг бүтээсэн ард түмний нэг нь Монгол гэдгийг харуулж байгаагийн илэрхийлэл гэж нэгэн судлаач хэлсэн байдаг ба тоо хэмжээ, илэрхийлсэн сэдэв, зохиомж, дүрслэлийн арга барил, уран сайхан урлагийн бүхий л шинж чанараараа төв болон дундад азийн хадны сүг зургуудын дотор тэргүүн зэрэгт орох түүхийн хосгүй дурсгал юм.
3. Шатар чулуун хөшөө. Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын нутагт байдаг “Шатар чулуу”-ны хөшөө дурсгал нь манай эриний өмнөх 3000 жилийн тэртээх эртний хүмүүсийн оюуны соёлын гайхамшигт өв юм.
Шатар чулууны хөшөө дурсгалын цогцолбор нь буган чулуун хөшөө гадуураа сийлбэр хээтэй, дөрвөлжин чулуун хашлагатай оруулга, монгол шатрын дүрс сийлбэрүүд байж болох янз бүрийн хэлбэрүүд, хиргисүүрүүдээс бүрдэнэ. Үүнтэй холбоотой “Монгол овогтны нэгэн том шатарчин хааныг нас барахад энд нутаглуулж, дурсгалыг нь мөнхлөн Шатар чулуун хөшөөг босгосон” гэх ам дамжсан домог бий. Олон хөшөө хиргисүүрээс бүрдсэн уг газрыг гадаад, дотоодын олон эрдэмтэн судлаад “Шатар Монголоос үүссэний баталгаа байж болох юм” гэж үзжээ.Энэ мэтийн 50 гаруй дурсгал байдаг. Эдгээрийн олонхи болох буган чулуун хөшөөний оройн хэсэгт нь нарыг дүрсэлж хөшөөний эх биеийг хэд хэдэн бугыг загварчлан дүрслэх сонгодог аргаар болон бодит байдлаар урласан ба түүний доогуур нь бүс татаж зэр зэвсэг, чинжаал хутга, толь зэргийг дүрсэлсэн байна. Барагцаалбал 13 буган чулуун хөшөө байгаа. Хөшөөг саарал яагаан өнгийн боржин болон гантиг чулуугаар урласан байна. Түүхийн олон цаг үеийг хамрах олон дурсгал нэг доор бөөнөөрөө байдаг нь бусад дурсгалуудаас ялгагдах гол онцлог юм.
4. Түрэгийн үеийн бичээс. Баянхонгор аймгийн Бууцагаан сумын нутагт сумын төвөөс зүүн хойш 40 гаруй км-т орших баруун хойноос зүүн урагш цувран тогтсон оройг нь тэгш тайрсан мэт сонин тогтвортой гурван уулыг Гурван мандал хэмээнэ. Энд хадны зураг, эртний Түрэгийн рупи бичээс тэргүүтэй сонирхолтой дурсгал тун ихтэй. Ялангуяа уулын оройн тэгш толигор хаднуудаар олон үеийн хүний бүтээл, хадны сүг зураг, тамга тэмдгийн зүйл арвин ажээ.
5. Бүгийн цавын хоолой. Бүгийн цавийн хоолойд зочлох үед өөр гариг ертөнцөд хөл тавьсан мэт сэтгэгдэл төрж, одоогоос 150 гаруй сая жилийн тэртээх амьдрал төсөөлөгддөг. Тэнд ертөнцийн гайхамшиг хэмээгдэх 50-иас 80 тонн жинтэй, 20 шахам метр урт, 1.5-аас 30 метр жижиг болон аварга том үлэг гүрвэлүүдийн бүхэл саланги холилдож чулуужиж хоцорсон яс, дун хясаа зэрэг цэнгэг усны амьтадын чулуужсан яс, далайн ёроол байсныг илтгэх шавар хэрмэн цавуудыг үзсэнээр монголын говь нутаг нь 200-100 сая жилийн тэртээ гадагшаа урсгалгүй цэнгэг усны ай сав газар байсныг мэдэх болно.
Энэ аварга амьтныг ертөнцийн гайхамшиг болохын нь хувьд нэгэн баримт дурдъя. Дэлхийн аваргуудын тухай алдарт Гиннесийн номд, эдүгээ тодорхой мэдээгээр дэлхийн хамгийн урт сарвуут амьтан бол Цэрдийн галавын үед Монголын говьд амьдарч байсан Теризинозавр хэмээх үлэг гүрвэл юм. Түүний сарвууны урт 91,4 см юм гэжээ. Эртний энэ аварга амьтад болон далайн амьтадын чулуужсан яс нь Бүгийн хоолой төдийгүй Шинэжинст сумын ногоон цав, Богд сумын Орог нуурын орчин, Ам гол, Луу яст зэрэг газруудаас олддог.
6. Шаргалжуутын халуун рашаан нь Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын нутагт далайн түвшнээс дээш 1500 метрт Улаанбаатар хотоос 670 орчим километр зайтай оршдог.
Шаргалжуутын гол руу түрж орсон Хатад хэмээх толгойн энгэрт байх боржин чулуунууд дундаас оргилон урсах 108 рашаан бий. Тэдгээр рашаанууд нь манай орны 50 гаруй халуун рашааны дотроос хамгийн халуун, хамгийн их нөөц ундаргатай нь юм. Ихэнхи ундарга нь 60-93 хэмийн халуун, хүхэрлэг, шаварлаг байдаг учраас эмчилгээнд ч хэрэглэдэг.
Шаргалжуут хэмээх нэрний учир нь Манжийн дарлалын үед элч нар Ховд, Улиастай ороод буцах замдаа “Их гол” хэмээх голыг гаталдаг байжээ. Нэгэн удаа Манжийн яаралтай мэдээ авч явсан элчийг ирэхэд “Их гол”-ын ус улаанаараа эргэлдэн хөөсөрч байжээ. Үүнээс үүдэн манжууд уг голыг “Шар галзуутын гол” хэмээн нэрийдсэн байна. Нутгийнхан голынхоо нэрийг муухайгаар дуудуулахгүйн тулд “Шаргалжуут” хэмээн зөөллөжээ.
Энэхүү рашаан нь хэдэн зууны тэртээгээс анагаан эдгээх чадвараараа гайхагдаж, өвчиндөө шаналсан олон ардыг “тэнхрүүлэн тэтгэсэн буянт ус” билээ. Рашааны тогтоц нь, алгаа дэлгээд бүх эрхтэн, махбодь, эд эсээ дэлгэн хэвтэж байгаа хүний хэлбэртэй. Баянхонгор аймаг Шаргалжуутын рашаанаараа нэн алдартай. Тус рашаанд дотоод, гадаадын олон жуулчин, мөн өвчнөө анагаах, амарч сувилуулах хүсэлдээ хөтлөгдсөн олны хөл татарна гэж үгүй. Халуун рашаан нь далайн түвшнээс дээш 1990 метр өндөрт Шаргалжуут голын дэргэд байрлах бөгөөд Баянхонгор хотоос 60 км-ийн зайд оршдог.
Шаргалжуутын рашаан бүр нь хүний бие эрхтнүүдийн хэлбэрээр байгалиас “урлан бүтээсэн” хэлбэр дүрс бүхий хад, чулуунаас ундран гардаг. Тухайлбал, хоолойн өвчнийг анагаах рашаан нь хүний хоолойн хэлбэр дүрстэй хаднаас гарахаас гадна, тус хаданд хушуугаа ойртуулаад “Хоолой хоолой, хорр хорр” гэх үгийг хэлэхэд хорррр хэмээх авиа гарч рашаан оргилон гарах нь нэн сонин. Рашаан нь болронцор, боржин асган дороос оргилон гардаг халуун хүйтэн 300 гаруй ундарга булагтай. Үүнээс 108 рашааныг сувилалд ашигладаг. Мөн ихэнх ундрага нь 40-100 шахам хэм халуун байдаг. Гал дээр тогоотой ус даргилж байгаа мэт энэ халуун рашаанд түүхий мах дүрэхэд дорхноо л борлодог. Рашааны булгууд нийлсээр Булган тохойн адагт Шаргалжуутын голд цутгана. Рашаан цутган орсон хэсгээрээ болон нэг км орчимд Шаргалжуут гол өвөлд хөлддөггүй учир зарим усны шувууд өвөлждөг.
Шаргалжуутын рашаан нь арьсан дахь мэдрэлийн судсыг цочроож, мэдрэлийн тогтолцоогоор дамжин судасны хөдөлгөөн, бодисын солилцоо, дотоод шүүрлийн ажиллагаанд өөрчлөлт үзүүлэх тул үе мөчний архаг үрэвсэл, эмэгтэйүүдийн болон арьсны зарим өвчнийг эмчлэх заалттай. Ер нь халууны хэмжээ их, сул эрдэсжилтэй рашааны онцлог нь биеийн дулааныг дээшлүүлж, үрэвслийг түргэн татах, үе гишүү, булчин, ясны зэрэг архаг өвчнийг засахад илүү зохимжтой байдаг байна. Рашаанд ороход цусны судас тэлэн, зах орчмын цусны хангамж сайжирч, улмаар зүрх судасны ажиллагаанд нөлөөлөхийн зэрэгцээ өвдөлт намдаах, цус бүлэгнэх үйлдлийг хэвийн болгодогоороо онцлогтой. Рашааныг монголын уламжлалт эмчилгээний таван заслын дотор багтах нэгэн зөөлөн засал хэмээн үздэг аж. Шаргалжуут рашаан нь бие эрхтний дүрс бүхий хаднаас тухайн өвчнийг анагаах рашаан ундарч байдаг. Ийнхүү ундрах рашаанаар бүхий л өвчнийг илааршуулдаг байна.
7. Их богд уул. Говь-Алтайн нурууны ноён оргилуудын нэг, мөнх цаст Их Богд уул нь далайн түвшнээс дээш 3957 метр өргөгдсөн, Монголын их говьд орших атлаа хангайн байгалийг санагдуулам номин ногоон хөвд ургамал, өнгө алаглах цэцэгсийн хүрээлэн, хүрхрэн шуугих өндөр уулын түргэн урсгалт гол горхи, газар хөдлөлтөөс тогтсон байгалийн өвөрмөц сонин тогтоц, нуур, дэлхийд ховордож дархлагдсан аргаль, янгир, ирвэс зэрэг ховор ан амьтад, вансэмбэрүү, алтангагнуур, лидэр зэрэг эмийн ургамлуудыг үзэж болох юм.
Их Богд уулын оргилд зуны дунд сард цас будран орж байхад уулын дунд хэсэгт бороо орж, бэл хоолойд нь 20-30 хэмийн халуун байдаг олон бичил уур амьсгалтай нутаг юм. Их Богд ууланд 1957 онд хүчтэй газар хөдлөлт болж уулын нэгэн оргил тасран унаж хоёр голын хөндийг хааснаар эдүгээ “Хөх нуур”, “Ногоон нуур” нэртэй үзэсгэлэнт хоёр нуурыг бий болгосон нь гадаадын жуулчдын сонирхлыг гойд татдаг билээ. Ууланд аялах дуртай аялагчдын сонирхлыг татдаг бүс нутгийн нэг нь их Богд уул юм. Их говийн дархан газар, байгалийн сонин тогтоц олонтой. Их Богд уул, Ичээтэй жарангийн нуруу, Өлзийт, Ноён, Тариат, Бургалтай зэрэг хараа булаам үзэсгэлэнт сайхан уулсаар чимэглэгдсэн болно. Хулан, хавтгай, аргаль, янгир, тэр ч байтугай Монголын улаан номд бичигдсэн олон олон ан амьтад бий.
8. Холбоолж нуур. Баянхонгор хотоос зүүн өмнө зүгт 100 км зайд орших Холбоолжийн ягаан давс хэмээн алдарсан Холбоолж нуур нь хүнсний давсны томоохон орд газрын нэг бөгөөд эрт дээр үеэс хүмүүс давсанд орж, шавар эмчилгээ хийдэг ард эмчилгээний томоохон түшиц газрын нэг юм. Мөн давст нуурын зэрэгцээ орших нуурт төрөл бүрийн усны шувууд, тэдний дотроос хайр дурлалын бэлэгдэл хэмээн нэрлэдэг хун шувууд ихээр цуглардаг учир нутгийн иргэд энэ нуурыг Хунт нуур хэмээн нэрлэдэг юм.
9. Галуутын хавцал. Нутгийн хүмүүсийн домог яриагаар одоогоос 200-аад жилийн өмнө "Тоть" нуурын ус Галуутын хавцал үүссэн хотгороор ганцхан шөнө их дуу чимээ гарган нүүж одсон гэгдэх энэ хавцал нь гадаад дотоодын хүмүүсийн очих дуртай газрын нэг билээ.
Галуутын хавцал нь дунджаар 200-400 метр гүн, 50-200 метр өргөн, эрс цавчим хажуу ханатай, хамгийн нарийн газраа дөнгөж 2-3 метр өргөн хадан боом болж ирсэн тэр хэсэгт ялангуяа гол ус үертэй үед хүчтэй сүрлэг хүрхрээ боргио үүснэ.
10. Биндэръяа хөх нуур. Баянхонгор аймгийн Жаргалант сумын нутагт байх энэхүү нуур байгалийн гайхамшигтай өвөрмөц тогтоцтой. Уулсаар хүрээлэгдсэн биндэръяа хөх өнгөтэй энэхүү нуур дээд зэргийн цэнгэг ус, олон төрлийн усны шувуудаараа алдартай. Олон зууны тэртээгээс түүх шастирт бичигдэж ирсэн энэхүү нуурыг сүүлийн жилүүдэд зорьж очигсод олон болжээ.