Баянхонгор сумын Засаг дарга Ж.Мөнхсоёлд 2012-2016 онд Баянхонгор сумын Засаг даргаар ажиллаж байсан Ж.Төмөрбаатар тамгыг гардуулж ажилд нь амжилт хүслээ. Тэрээр хэлэхдээ: Өнөөдрийн сайхан өдрийн мэндийг хүргэе. 2016 оны УИХ, аймгийн ИТХ, сум дүүргийн ИТХ-ын төлөөлөгчийг сонгох сонгуульд МАН ард иргэдийнхээ итгэлийг хүлээж, ялалт байгуулсан. Миний хувьд ард иргэдийнхээ болон намынхаа журмын нөхдийн итгэлийг хүлээж энэ өндөр албан тушаалд томилогдож байгаа энэ мөчид хариуцлагаа гүнээ ухамсарлаж байна. Өнөөдрийн миний томилогдож буй албан тушаалыг өмнө нь миний аав Г.Жадамбаа 1998-2005 он хүртэл хашиж байсан. Тиймээс энэ бол надад үүрүүлсэн асар их хариуцлага, нэр төрийн хэрэг юм. Аавынхаа энд хүрч ажиллах юмсан гэж хүсч байна.Баг хамт олноо зөв удирдаж зөв удирдагч байхын төлөө өдөр бүр суралцаж, өсөж, хичээж ажиллах болно. Баянхонгор сумын 9600 гаруй айл өрх нэг бүрийг ажилтай, орлоготой, эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэхийн төлөө ажиллана. Баг, хамт олонтойгоо гар нийлж, ажиллах болно. Та бүхэнд ажлын амжилт хүсье” гэлээ.