Баянхонгор сумын Засаг даргын “Сургуулийн орчинд гар утас, цахим хэрэгслийн хэрэглээний талаар авах арга хэмжээний тухай” 259 тоот захирамжийн дагуу Ерөнхий боловсролын сургуулийн багш, суралцагчдыг хичээлийн цагаар гар утас хэрэглэхийг хориглолоо. Тус захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Ухаалаг утаснаас товчлууртай утас руу шилжих” санаачлага өрнүүлж, эрчимжүүлэх ажлыг хийх гэж байна. Цаашид цахим сүлжээний хяналтгүй хэрэглээ нь хүүхдийн эрүүл мэнд, хүмүүжилд хэрхэн сөргөөр нөлөөлдөг талаар мэргэжлийн байгууллагын тусламжтай сургалт, мэдээлэл сурталчилгааны ажлыг тогтмолжуулахыг Ерөнхий боловсролын сургуулийн захирлуудад үүрэг болголоо. Баянхонгор сумын хэмжээнд 2016-2017 оны хичээлийн жилд 8203 хүүхэд, 410 багш ЕБС-д сурч, ажиллаж байна.